С.НАСАНБАТ: Хөрөнгө мөнгө тааруу байгаа энэ цагт зөв ажлууд, тулгамдаад байгаа асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой

Туслах цэс

2 сар 1 долоо хоног -ийн өмнө

Дархан-Уул аймгийн “Ардын нам” аймгийн ИТХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Та энэ амжилтыг юутай холбож бодож байна вэ?  

Дархан-Уул аймгийн МАН-ын хороо 2016 онд УИХ-ын  43,44,45-р тойрогт олонхийн санал авч, Дарханчуудынхаа дуу хоолой МАН-ын гишүүдээр дамжуулан төрийн эрх барих дээд байгууллагад хүргэх боломжтой боллоо. Ингэснээр МАН-ын “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн МАН-ын 6800 гишүүдийн идэвхтэй үйл ажиллагаа чиглэж, намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд хүргэх, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг сайжруулах, улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх нөхцөл бололцоог энэ цаг үед хангах улс төрийн хүчин болж гарч ирлээ гэж ойлгож байна. Ард түмэнд ч ийм хүлээлт байсан нь биелэлээ олсон гэж бодож байгаа. Мөн энэ сонгуультай цуг аймгийн ИТХ-ын сонгууль явагдсан. Энэхүү сонгуульд Дархан-Уул аймгийн  МАН нэлээн хүндхэн байдалтай оролцсон. Аймгийн ИТХ-ын 33 мандат дээр бид 26 нэр дэвшигчээ нэр дэвшүүлсэн.  

Надаар ахлуулсан болон Дархан, Шарын гол бусад сумын Засаг дарга нараар ахлуулсан ажлын хэсэг, удирдлагуудыг 6-р сарын 29-нд явагдсан сонгуульд оруулаагүй.  Хуулийг буруу ашиглаж, илт гуйвуулж Сонгуулийн хууль болон Үндсэн хуулийн  олон арван заалтуудыг зөрчиж бидний сонгогдох эрхийг, иргэдийн сонгох эрхийг зөрчсөн.  

Бид холбогдох  шүүхүүдэд хандаж, улмаар гурван шатны шүүхийн шийдвэрээр, эрх нь зөрчигдсөн эдгээр иргэдийн  сонгогдох эрхийг хангах, Сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг хуулийн дагуу биелүүл гэсэн шийдвэр гарч, сая 10-р сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-тай хамт манай аймагт дахин сонгууль  явагдлаа. Хэдий бид ийнхүү хүнд нөхцөлд байсан ч гэлээ Дархан-Уул аймгийн МАН-ын хорооноос боловсруулж сонгогчид, иргэддээ хүргэсэн “Дарханы хөгжил, бидний ирээдүй” уриатай 9-н эрдэнийн мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улмаар дахин ялалт байгууллаа. 

МАН-аас нэр дэвшигчид маань бүгд Дархан-Уул аймгийнхаа хэмжээнд ард иргэддээ танигдсан, туршлагатай, нийгмийн бүхий л давхаргаас бүрдсэн залуус, ахмад үеийнхний төлөөлөл юм. Бид 26-уулаа ороод Малчин багаас бусад бүх багт 25 нэр дэвшигч амжилт гаргаж холбогдох хуулийн заалтийн дагуу Дархан-Уул аймгийн засаг захиргаа, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг МАН-ынхан  бүрдүүлж  мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бололцоо бүрдлээ.  

Сум, дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өчигдөрхөн эцсийн байдлаар   дууслаа.  Мөн дахин сонгууль болсон дээрх 7-н тойрогт бид нэр дэвшигчдээ илгээж, сонгуульдаа оролцлоо. Үнэмлэхүй сайхан амжилт гаргалаа. Бид өмнө 25 суудал авсан байсан бол Аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн дүнгээр 30-н суудалтай боллоо. Гурван бие даагч  гарлаа. Мэдээж энэ бол улс төрийн намын хувьд эрхэм зорилго нь мөн. 

Энэ бол өнгөрсөн 2012-2016 онд  Дархан-Уул аймгийн  МАН –ын хорооны бодлого үйл ажиллагаа зөв зүйтэй, намын хамт олон эвтэй эетэй, бодлого шийдвэр нь оновчтой явж  ирсний үр дүн гэж үзэж байгаа.  

Тэгэхлээр МАН  33 суудлын 30 суудлыг авлаа.  Гурван бие даагч төлөөлөгч боллоо.  Өөрөөр хэлбэл аймгийн хурал бараг сөрөг хүчингүй байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ? Эерэг ба сөрөг тал нь юу байх бол?

Одоо тийм дээ. Тэгэхээр  чи бид хоёр зөвхөн аймгийг ярилаа. Хүн амын маань 70-80% амьдардаг Дархан сумын ИТХ-д 31 төлөөлөгч сонгогдохын 30-нь МАН-аас гарлаа. Шарын гол сум 8000 хүн амтай том сум. Энд мөн 27 суудлын 26-г нь МАН авлаа.Монгол Улсын үр тарианы томоохон үйлдвэрлэгч Хонгор сумын ИТХ-ын 27 суудлын 24-д нь МАН-ын төлөөлөгч сонгогдлоо. Монгол улсын жимс ногоо, төмс хүнсний ногооны хэрэгцээний 20 шахам хувийг дангаараа үйлдвэрлэгч Орхон сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн 17-д нь МАН-ын гишүүд сонгогдлоо. Тэгэхээр ерөөсөө энэ удаа Дарханчууд МАН-д бүрэн итгэл хүлээлгэлээ. 

Үүний сөрөг гэх үү аль эсвэл эерэг тал нь гэх үү, улс төрийн нэг намд өгч буй маш том хариуцлага юм. Энэ бол ард түмний итгэл. Хүнд үед, энэ ороо бусгаа цаг үед, улс орны эдийн засаг хүндрэлтэй, хуулийг гууль болгосон, засаглал нь өөрөө хямралтай байгаа ийм үед Ардын намд итгэл өгч байна гэдэг өөрөө асар их хариуцлага гэж бид ойлгож байгаа. Тийм ч учраас бид орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө ажиллах, ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх ёстой.
 
Төрийн байгууллагууд хуулийг хэрэгжүүлдэг, хуулийг дээдэлдэг байх ёстой. Төрийн үйлчилгээ иргэдэд  хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүрдэг байх ёстой. Үүнийг ард иргэд биднээс хүсч байна. Нөгөө талаасаа бүхий л шатандаа МАН ялна гэдэг нь 2017-2020 онд хэрэгжүүлэх Засаг даргын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр шат шатандаа бүрэн дүүрэн хэрэгжээд явах боломж нээгдэж байна. Аймаг, сум хоёр сөөлжилчихөөд л хоорондоо ард түмнийхээ өмнө нэг юм шиг харагдавч, цаагуураа орон нутгийн  жижигхэн улс төр хийгээд, болохгүй бүтэхгүй талаас нь ярьж хэлээд унагаагаад байвал урагшлахгүй. Ийм түүх манай аймагт болж л байсан. Тэгэхээр энэ асуудлууд жигдрээд нэг талдаа ороод явж байгаа нь сайн тал гэж би харж байна.

Ирэх дөрвөн жилд Дарханчууд та бүхнээс маш их үр дүнг хүлээж байна. Хөгжлийн хувьд томоохон алхам хийх боломжтой болжээ гэж хэлж болох уу ?

Тэгэлгүй яахав. МАН 2012-2016 онд засаг барьж байсан. Хийж хэрэгжүүлэх, дутуу үлдээж орхигдсон ажлууд ч нэлээд байгаа. Дунд нь манай аймагт бас засаглал хямраад тодорхой хугацаагаар ардын нам завсарласаныг та бүхэн мэдэж байгаа. Энэ хугацаанд явах ёстой ажлууд нэлээн хойшилсон, хоцорсон. Эдгээр ажлуудыг урагшлуулах шаардлагатай байна. Тийм ч учраас бидэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж, бололцоонуудыг нээж өглөө гэж ойлгож байна. 

Төрийн албаны болон засаглалын залгамж халаа, түүнийг бэхжүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ? Ер нь энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

Төрийн албан хаагчдын эрх хуулиар хамгаалагдсан байдаг. Тэд тангараг өргөсөн, мэргэжсэн хүмүүс. Энэ албан хаагчид өнөөдөр тогтвортой ажиллах нь төрийн ажил анхан шатандаа зөв зүйтэй явах нөхцөл болдог. Эдгээр мэргэжилтнүүд асуудлыг судалж, боловсруулж, танилцуулж, шат шатны дарга нараар хянуулж байж бусад эрх зүйн актуудтай уялдан шийдвэр гарч хэрэгждэг. Ингэж гарсан шийдвэр бодитой, хэрэгжих боломжтой байдаг. Энэ утгаараа төрийн албан хаагчид мэргэшсэн байх, тогтвортой байх ёстой юм. 

Манай намаас төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах байр суурьтай байдаг. Удирдлагын түвшиний хууль зөрчиж тавигдсан, тангараг өргөөгүй, төрийн албаны зөвлөл, дээд яам зэрэгтэй зөвшилцөөгүй шууд томилогдсон агентлагын дарга нар мэр сэр байсныг өөрчилж байгаа. Үүнийг хавтгайруулан ойлгож болохгүй. Төрийн албаны зөвлөлийн шалгалт өгч тэнцсэн хүмүүс тогтвортой ажиллаж байна. Зарим нэг бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо цомхотгогдсон  шалтгаанаар өөрчлөгдөж чөлөөлөгдсөн байдал бол байгаа. 
 

Одоо хоёулаа сэдвээ жаахан өөрчлөе. Таныхаар хөгжил гэж юу вэ. Дархан маань хэрхэн хөгжих ёстой вэ?

Хөгжил гэдэг нь одоо байгаа түвшингээ ахиулж дараагийн шатанд хүрэх процесс. Өөрөөр хэлбэл бид нийгмийн баялгийн хуваарилтаар босгосон өнөөгийн өндөрлөгийн түвшингөө нийтээрээ, хамтын хүчээр бүхий л салбарт жигдээр урагшлуулж чадаж байвал хөгжиж байна гэнэ. Хөгжил гэхээр том том шилэн байшингууд, гоё зам гэвэл өрөөсгөл. Нийгмийн амьдралын бүхий л салбарт хүн төвтэйгээр хөгжих ёстой юм. Манай намын бодлого ч ийм. Хүнээ хөгжүүлэх ёстой. Техник технологио шинэчлэх ёстой. Барилга, зам харгуйгаа зөв төлөвлөөд зөв барих ёстой. Хүн нь эрүүл байх ёстой. Өөрөөр хэлбэл салбар салбарт гарч буй дэвшилүүдийн нийцэл нь хөгжил юм. Энэ ч утгаар хүний нийгэм оршин тогтнодог. Хүн амьдарч л байгаа болохоороо урагшлах л ёстой. 

Хотын хөгжил гэдэг бие даасан бүлэг ойлголт. Дархан хот хөгжих ёстой. Дархан хотын үе үеийн удирдлагууд үүнд л зорьж, төлөвлөж ирсэн. Одоогоор Г.Эрдэнэбат даргыг Засаг даргаар ажиллаж байх үед батлагдсан Дархан-Уул аймгийг 2009-2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн цогц бодлогын хөтөлбөр хэрэгжиж байна. Хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр батлагдсан энэ хөтөлбөрийг дээрх хугацаанд ажиллаж ирсэн бүх ИТХ, засаг дарга нар үндсэн гол бодлогоо болгон, хөгжлийг тодорхойлж ирлээ. Өнгөрсөн 2015 онд 1-р шатны төлөвлөлтийн асуудал дууссан. Цаашид үүндээ суурилан тодотгол хийгдээд явах юм.  
Бид өнөөдөр хөгжлийн талаар ярихдаа олуулаа болохыг зоримоор байна. Арай л цөөхүүлээ байна. Барилгажилт, зам харилцаа, сургууль соёл, нийгмийн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь зэргээ харахад манай Дарханд 300 мянган  хүн ажиллаж амьдрах бололцоо бүрэн бий. Өөрөөр хэлбэл нийгмийн суурь үйлчилгээгээ үүнд нийцүүлэн төлөвлөж байгаа. Хүн, хот хоёр бол бидний хөгжлийн тулгуур, гол үндэс юм. 

Хот маань өмнө нь хөгжлийн ямар бодлоготой байв, 2016-2020 онд бид юунд зорьж байна, бүгд л энэ хөгжилд зорьсон алхмууд. Орон нутгийн удирдлага гэдэг өглөө ирээд оройд тардаг, найман цагийн ажилтай албан хаагчид биш. Цаг мөч бүхэнд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнүүд хэрэгжиж, яригдаж, биелэлээ олж, урагшилж байдаг. 

Бид 300 мянган хүн ажиллаж амьдрах суурь үйлчилгээ, дэд бүтэц, 10800 айлын барилгын инженерийн дэд бүтэц, 251 айлын амины орон сууц, нийтийн эзэмшлийн байгууламжууд зэргийг төлөвлөж ИТХ-аар батлууллаа. Хүн ам нэмэгдэнэ, барилгажилт нэмэгдэнэ, өндөр барилгууд орон сууцыг барина. Тэгэхээр дэд бүтцээ тааруулж барих л ёстой. 

Хотын хөгжил эхнээсээ зөв явахын тулд хөгжлөө зөв тодорхойлж, дэд бүтцээ зөв тооцоолохоос эхэлдэг. Дулаан хангамж, цахилгаан хангамжийн эх үүсвэрийг зөв тооцоолж, аюулгүй байдлыг нь хангах, шугам хоолойн шинэчлэлийн асуудал, бохир ус татан зайлуулах систем, цэвэрлэх байгууламж зэрэг нь хот төлөвлөлтийн  томоохон асуудлууд. Шинэчилж, орчин үеийн болгох ёстой. Эдгээр нь найдвартай байхын зэрэгцээ нийтийн тээврийн  үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ зэргийг тооцож явах шаардлагатай. Хот өөрөө ийм суурь үйлчилгээнүүдээ хариуцаж явах ёстой юм. 

Та сая хүн амаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. Одоо 100 гаруй мянган хүн амьдарч байна. 300 мянган хүн амтай болохын тулд ямар арга хэмжээ авах вэ. Одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан  байшин барилга барьж болох л байх. Хүмүүс ирж сууршихгүй бол яах вэ?

Тийм учраас орон нутгийн болоод төр засгийн  бодлого хоёр хоорондоо уялдаатай байж, суурь судалгааг үндэслэлтэй зөв хийх хэрэгтэй юм. Бид ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго тавьж, томоохон үйлдвэрлэлийн салбарыг Дарханд оруулж ирэхээр зорьж байна. Арьс ширний үйлдвэрүүд өнөөдөр Улаанбаатар хотод орчны бохирдлын олон асуудлыг үүсгэж байгаа хэдий ч 25 мянган ажлын байр бий болгодог томоохон салбар. 1960-1970 оны хуучирсан технологиор, ямар ч шинэчлэл хийгдэхгүй, осолдохгүй л үсийг нь мулзалз аваад асар их химийн хорт бодис ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа нь дээрх асуудлуудыг үүсгэж байна. Энэ талаар ярихаар хүмүүс Улаанбаатарт байгаа тэр проблемийг Дарханд аваад ирэх нь гэж ойлгоод байдаг. Үгүй ээ. Орчин үед технологи хөгжиж өөр болсон.

 Дэлхий нийтээрээ экологийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, эко бизнест, технологийн аюулгүй байдалд зорьдог болсон. Урьд өмнө эдийн засгийн ашиг л олж байвал дараагийн асуудал яах вэ гээд хойш тавьдаг байсан бол одоо ашиг байгаль хоёр эн тэнцүүд тооцогдож байна. Хэрвээ байгаль орчинд, хүн төрөлхтөнд хортой аюултай байх бол ашгийг тооцолгүй тэр технологиос татгалздаг болсон. Бид тэр л дэвшилтэт технологийг олж ирж, нутагшуулах ёстой юм. Айдсыг ардаа орхих хэрэгтэй. Хятад, Солонгос, Турк улсуудын жишгээр өндөр технологитой, хотын захиргаа нь хяналтаа бүрэн тавьдаг, найдвартай цэвэрлэх байгууламжтай байх юм. Үүнийг цогцоор нь шийднэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж Дархан-Уул аймагт эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдтэй болно. Монгол малын арьс шир өөрөө байгалийн  эрс тэрс уур амьсгалтай нутаг оронтойгоо зохицсон маш зузаан, суналт сайтай чанартай байдаг. Түүгээр хийсэн бүтээгдэхүүн эдэлгээ сайтай, шалгарсан түүхий эд болдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр үүнийг боловсруулах үйлдвэрүүд орж ирнэ. 

Дарханд 2-3 үйлдвэр ороод ирэхэд л ажлын байр харьцангуй нэмэгдэж, аймгийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм. Энэ хүрээнд бид Шанхай хотод очиж Голланддын алдарт “Сталл” группийн дэд ерөнхйилөгчтэй уулзаж байсан. Нэг ажил хийхэд дагаад бүс нутгийн хэмжээнд бусад хавсарга ажлууд ч яригдаж эхэлдэг. Өндөр технологи оруулж ирж буй хөрөнгө оруулагчид чанартай түүхий эд авахын тулд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байна. Хаврын хачиганд баригдаж цоороогүй эрүүл арьс авахын тулд хавсарга болох ажлууд ч хийгдэнэ. Цаашилбал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх боломж байна. Манайд “Малын удмын сангийн төв”, улсдаа ганц байдаг “УГТЭШХ” байна. Тиймээс уламжлалт хөдөө аж ахуй, мал аж ахуйг дагасан үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой. Түүхий эд нь байна. Үүнийг бэлтгэдэг, боловсруулдаг эцсийн бүтээгдэхүүн болгодог энэ салбарыг дагаад 100 гаруй мянган хүн ам нэмэгдэнэ. Үүнийг бид хийх хэрэгтэй.  

Мөн Төмөрлөгийн үйлдвэр маань цаашид хөгжих ёстой. Нэгэнт л баялагийн орд нь байна. Тиймээс төмөрлөгийн үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хүссэн хүсээгүй Дарханд л хөгжүүлнэ. 
 

Мөрийн хөтөлбөрөө боловсруулж гаргах гэж нэлээн судалгаа хийх шиг болсон. Иргэдээс ирж байгаа саналуудын дийлэнх нь ямар асуудлууд байсан вэ?

 

Энэ судалгаанд нийт 2000 гаруй иргэд оролцсон. Албан байгууллагууд, ОУХТ, бусад хүн олноор цуглардаг худалдааны төвүүдээр явж санал авсан. Хөдөө сумдаар ч явсан. Мөрийн хөтөлбөрт хамгийн түрүүнд тусах ёстой, хамгийн олон давтамжтай байсан зүйл бол ажлын байр нэмэгдүүлэх санал байлаа. Үнэндээ эдийн засаг сэргэж байхад гадаадад байсан залуус маань олноороо эх орондоо ажиллахаар ирж байсан. Энэ залуус дахиад л явчихлаа. Харамсалтай. Олон ч бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хаалгаа барилаа. Тэгэхээр ерөөсөө ядуурлыг буруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал хамгийн чухал байна. Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, шинийг хийе гэхээсээ хуучнаа унагаахгүй байх бодлогыг барих ёстой байна. Ялангуяа Дарханыхаа залуу бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжих тал дээр анхаарна.

Улсын төсөв хүнд байна. Хаа сайгүй л таналтын байдалтай байх шиг. Ийм нөхцөлд  бүтээн байгуулалтын ажлуудыг хэрхэн хийх вэ?

Төсөв хүнд байгаа. Манай аймаг сая төсвийн тодотголоор Орон нутгийн хөгжлийн сангаас 614 сая төгрөг хасуулчихлаа. Тэр хэмжээгээр Дарханд хийгдэх ажил хасагдана. Тэр хэмжээгээр тендер аваад ажилчидаа цалинжуулаад ажиллах ёстой байсан 3-4 компаний ажил зогсчих жишээтэй. Урсгал зардлуудыг хасаж байна. Унааны зардал, гадаад томилолт, утасны төлбөр гэх зэргээ танаж байна. Хаана хаанаа л хүнд “бүсээ чангалж” санхүүгийн сахилга баттай байхыг шаардаж байна. Манай аймаг өнөөдөр 52 тэрбум төгрөгийн төсөвтэй байх ёстой. Үүний 32 орчим тэрбум нь төвлөрүүлэх зарчмаар босоо удирдлагатай аж ахуйн нэгж байгууллагуудын цалинд явчихдаг. Аймаг яг өөрөө орлого, татвараас 20 орчим тэрбумыг бүрдүүлдэг. Улсаас 18 тэрбумыг цуглуулж авдаг. Улсын татаас гэж 1,9 тэрбумыг авдаг. Яг өнөө өглөөний байдлаар орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт 91,6 хувьтай  байна.
 
Гэхдээ олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан байна. Хямрал нөлөөлж байна. Бид халамжид гэхэд энэ жил 7,8 тэрбум төгрөгийг иргэддээ өгөх ёстой. Одоогоор төсвийн газруудын цалин цаг хугацаандаа тавигдаж, харин халаалт, дулаан, цахилгаан, бичиг хэргийн зэрэг урсгал зарлагуудыг жаахан барьсан байдалтай байна. Оны эцсээр төсөв бүрдээд ирэхээр хуваарийнхаа дагуу санхүүжилтүүд хийгдэнэ. Бүүр амь амьдралаа алдчих хэмжээнд очоогүй байна. 

100 хоногийнхоо тайланг тавих уу. Ер нь өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж амжуулав. Ирэх онуудад юунд зорьж байна вэ?

Би 7-р сарын 21-нд ажил авсан. Хамгийн түрүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нь чухал байлаа. 5-р сараас эхлэх ёстой энэ ажил жаахан удаашралтай байсан. Тиймээс байгаа бүх боломжоороо энэ ажилд анхаарлаа хандууллаа. Аймгийн бүх магистрал шугамууд олон жилийн насжилттай, тэдгээрийн засвар үйлчилгээ, халаалт дулаан, сургууль, цэцэрлэгүүдийг цаг хугацаанд нь эхлүүлэх зэрэг ажлуудыг хийлээ. Мөн хадлан тэжээл, үр тариа, ногоо хураалтын асуудлууд ч чухал байлаа. Түүнчлэн тендер, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудыг маш эрчимтэй хийлгэллээ. Энэ талд нэлээн анхаарлаа. Дээр нь Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж ИТХ-аар батлууллаа. Хөрөнгө мөнгө тааруу байгаа энэ цагт оносон зөв ажлууд, тулгамдаад байгаа асуудлуудад анхаарлаа хандуулах ёстой юм. 

Саяхан УИХ-ын гишүүд ирж уулзалт хийлээ. 2019 оны дунд үе хүртэл хэцүү шүү гэж хаана хаанаа л хэлж байна. Тиймээс ирэх эрсдэлүүдийг тооцож, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэж л байх ёстой. Мөнгө байхгүй ээ. Хот хөлдчихсөн.. гээд сууж байж болохгүй. Тиймээс ийм ажлуудаа хамгийн түрүүнд хийх л ёстой. 

Мөн Дархан хотын маань 55 жилийн ой боллоо. Ойн арга хэмжээг ард иргэдтэйгээ хамтран нүсэр биш ч ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ирээдүй болсон хүүхдүүддээ бас нэг түүхийг бичиж үлдээх цаг хугацаа мөн гэдэг үүднээс ач холбогдол өгч ажиллаа. Ард нийт сэтгэл хангалуун байх шиг байна. Мөн сонгуулийг цаг хугацаанд явуулах ажлыг зохион байгууллаа гэх мэт олон ажил хийлээ. 

Цаашид бид томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. ЗД-ын мөрийн хөтөлбөр нь бүгд иргэдээс ирсэн санал. МАН-ын 6-р сард ард түмэндээ танилцуулсан 9 эрдэнийн мөрийн хөтөлбөрийн гол агуулга ЗД-ын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон. Энд суусан нэг томоохон зүйл бол гэр хорооллын иргэдэд зориулсан “Тохилог хороолол” төсөл. Бид 2012-2016 онд “Жишиг хороолол” төслийг орон сууцны хорооллуудад 4-н үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Тулгамдсан олон асуудлыг шийдсэн. Ямартаа ч хүүхдүүд маань тоглохдоо машин замруу орчихооргүй, иргэд нь тайван алхах гэрэлтэй гудамжтай, хөгшчүүл нь нарлаад суучих талбайтай болсон. Газрын доорх инженерийн шугам хоолойгоо ч янзлаад авлаа. Бараг 3 тэрбум орчим төгрөгөөр иргэдийнхээ өмч орон сууцны шугам сүлжээг засварлалаа. Бүгдийг нь сайхан болгож чадаагүй ч үндсэн хүн ам ихээр зорчдог явган замын асуудлуудыг шийдэж, бороо усанд халтираад уначихгүйхэн шиг болгосон. Бид иргэдээсээ хогоо битгий хаяач ээ, хотын соёлтой иргэн байгаач ээ гэж шаардах нь нэг хэрэг. Харин нөгөө талдаа тийм байхгүй байх нөхцөл бололцоог нь хангаж өгөх нь чухал. Хот маань бүхэлдээ 1980-аад оны төлөвлөлттэй байснаас нийгэмд хүлээлт байсаан. Байранд амьдарч байгаа бараг бүх айл автомашинтай болжээ. Үүнээс үүдэн зогсоолын асуудал хүндрэлтэй болж байлаа. Тиймээс өөрчиллөө, шинэчиллээ. Одоо гэр хорооллууддаа энэ ажлуудыг эхлүүлнэ. 

Хүн амын маань нэлээдгүй хувь нь гэр хороололд байна. Гудамж, замуудыг нь хатуу хучилттай болгох, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гудамжны гэрэл гэрэлтүүлгийн асуудлыг шийдэх зэрэг олон ажил байна. Мөн хаягжуулалт, дэд бүтэц, цэвэр усны хангамж гэх мэт ажлуудыг энэ долоо хоногоос эхлэн үе шаттайгаар хийж хэрэгжүүлж эхэлнэ дээ. Мэдээж томоохон төсөл хөтөлбөрүүд, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт олон ажил үндсэн чиглэл болж байна. 
 

 

 

 

Fatal error: Class CToolsCssCache contains 1 abstract method and must therefore be declared abstract or implement the remaining methods (DrupalCacheInterface::__construct) in /home3/darkhant/public_html/sites/all/modules/ctools/includes/css-cache.inc on line 52

Fatal error: Class CToolsCssCache contains 1 abstract method and must therefore be declared abstract or implement the remaining methods (DrupalCacheInterface::__construct) in /home3/darkhant/public_html/sites/all/modules/ctools/includes/css-cache.inc on line 52

Шинэ сэтгэгдэл нэмэх

By submitting this form, you accept the Mollom privacy policy.