Ухаалаг хот гэдэг тодорхойлолттой болъё

Туслах цэс

2008 онд НҮБ-ийн гаргасан судалгаанаас харахад дэлхийн нийт хүн амын 50 хувь буюу 3,3 тэрбум хүн хотод амьдарч байжээ. 2030 он гэхэд энэ тоо 5 тэрбум болон өссөн байх юм. Хүн амын хурдацтай өсөлтөөс болж хотууд агаарын бохирдол, тээвэр, ажилгүйдэл гэх мэт олон тооны асуудалтай тулгарах болоод байна. Хотжилтын энэхүү хурд нь түүнтэй дагалдан бий болж буй бэрхшээлүүдийг зохицуулах илүү ухаалаг аргыг яаралтай бий болгохыг шаардаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн хотууд асуудлуудаа шийдвэрлэх ухаалаг арга замаа тодорхойлж, хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр хотуудын туршлагаас харахад ухаалаг хот болох арга замаа нэн шинэ хот хөгжүүлэх стратегийг бий болгосноор эхэлсэн нь харагдаж байна. 2015 онд дэлхийн хотууд Ухаалаг хот төсөлдөө 30 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарчээ.

Дархан хотыг хэрхэн Ухаалаг хот болгож болох вэ?

Эхлээд бид ухаалаг хот гэж чухам юуг хэлэх вэ гэдэг тодорхойлолттой болох ёстой. Ухаалаг хотын тодорхойлолт янз бүр. Хүн бүр энэ үзэл баримтлалыг мэдэж байгаа боловч дэлхий даяар өөр өөр нэр, өөр өөр нөхцөл байдлаар ойлгож байна. Мөн ухаалаг хот хэмээн томьёолсон, улс орны хэмжээнд тохирон ашиглагдах нэг ч загвар байхгүй байгаа бөгөөд нутаг дэвсгэр бүрт тохируулсан загвар бүтээх шаардлага гарч байна. Гэвч дор дурьдсан нийтлэг үндэслэлүүд бас бий. Үүнд:

  • Мэдээллийн технологийг хотын удирдлага, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн аюулгүй байдал, үл хөдлөх хөрөнгө, тээвэр зэрэг хотын үйлчилгээний салбаруудад ашиглан илүү ухаалаг, үр ашигтай харилцаа холбоо бий болгох. Түүнчлэн зам гүүр, төмөр зам, нисэх буудал, харилцаа холбоо, ус, эрчим хүч, тэр ч байтугай томоохон барилга байгууламж зэрэг чухал дэд бүтцүүдийг нэгтгэн нэг самбар дээр хянаж, иргэдэд үйлчлэх үйлчилгээг нэмэгдүүлэх замаар гарч болох асуудлуудаас илүү оновчтой урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хянаж чадах
  • Олон нийт, засаглал, эдийн засаг, байгаль орчны бодлогуудыг ирээдүй рүүгээ харсан чиглэл баримтлалаар, өөрөө шийдвэр гаргах чадвар бүхий биеэ даасан, мэдлэгтэй иргэдийн оюуны чадавхи, үйл ажиллагааны ухаалаг хослол дээр тулгуурлан хэрэгжүүлэх
  • Оршин суугчиддаа урам зориг, соёл, мэдлэг болон амьдралын таатай нөхцлийг санал болгох, өөрсдийн амьдралаа цэцэглүүлэн хөгжүүлэхэд нь урамшуулах

Бас энд ухаалаг гэдэг үгийг илүү их иргэдэд ээлтэй хэмээн ойлгож хэрэглэж байгааг дурьдах хэрэгтэй.

Бас энд ухаалаг гэдэг үгийг илүү их иргэдэд ээлтэй хэмээн ойлгож хэрэглэж байгааг дурьдах хэрэгтэй.

Их Британийн Бристолийн их сургууль, Бристол хотын “Хотын зөвлөл” хамтран NEC компанитай дэлхий дээрх хамгийн анхны тээвэр, байгаль орчин, эрүүл мэнд, олон нийтийн ухаалаг үйлчилгээнүүдийг дэмжих нээлттэй, програмчлагдсан ухаалаг хотын төслийг 2015 оны 3-р сарын 10-аас хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ төсөл нь орон нутгийн засаг захиргаа, засгийн газар, Европын засгийн газар болон эрдэм шинжилгээ, судалгаа, хувийн хэвшлийнхний санхүүжилттэй байх юм. NEC аль хэдийн хотын зөвлөлийн өмчит BNet хэмээх сүлжээг бий болгон ажиллаад эхэлсэн бөгөөд тус хотыг өндөр хурдны сүлжээнд холбож, CityOS хэмээх системээр удирдах боломжыг хангаж байна. CityOS бол IoT технологиор их хэмжээний мэдээлэлд хяналт хийх боломж бүхий биеэ даасан програм аж.

Мөн Массачусетсийн Технологийн Институтэд (MIT) City Science хэмээх төсөл хэрэгжиж, энэ төслийн эрдэмтэд Media Lab нэртэй судалгааны ажил дээрээ ид ажиллаж байна. Судалгааны ажлын зорилго нь хотжилтын асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, ирээдүйн хотуудын стратеги, бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах зорилготой юм.

Intel, CISCO, IBM зэрэг технологийн компаниуд ухаалаг хотын технологийг боловсруулахаар уралдан ажиллацгааж байна.

2015 оны 5-р сарын 20-22-нд Японы Киото хотод SMART CITY EXPO яармаг болох гэж байгаа бол Италийн Милан хотноо 2015 оны 5-р сарын 1-ээс 11-р сарын 31 хүртэл Expo Milano 2015 арга хэмжээний үеэр мөн Digital Smart City арга хэмжээ зохиогдох гэж байна.

Эндээс харахад иргэдийн тав тухыг хангасан ирээдүйн смарт хот бий болгох гэсэн энэхүү нэр хүндтэй ажлын төлөө бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд, судлаачид, улс орнууд ихээхэн хүчин чармайлт тавьж байгааг харж болно. Яагаад гэвэл хот бол засаг захиргааны хамгийн чухал нэгж бөгөөд тухайн улсын хөгжлийн түвшинг харуулах томоохон нүүр царай байдаг юм.  

Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд ухаалаг хот болох гол асуудал бол дараах гурван төрлийн хүчин зүйлүүдээс хамаарч байна.

  1. Технологийн хүчин зүйл (дэд бүтэц, ухаалаг технологи, мобайл технологи, виртуал технологи, дижитал технологи...)
  2. Зохион байгуулалтын хүчин зүйл (засаглал, бодлого, хууль журам, удирдамж...)
  3. Хүний хүчин зүйл (хүний нөөц, хүний капитал...)

Дархан хот хотын статусаа зөвшөөрүүлэх нь нэн чухал шаардлагатай байгааг хүн бүр ойлгож байгаа. Үндсэн хуультай холбоотой энэ асуудал одоо шийдвэрлэгдэх замдаа орсон гэж бодож байна. Үүн дээр нэмээд хотын удирдлагын бүтцийг дэлхий дээр амжилттай хэрэгжиж байгаа хотуудын туршлагаар цомхон ухаалаг болгох шаардлага ч бас бий юм. 100 мянга орчим хүн амтай буюу Дархан хоттой ижил хэмжээтэй хотууд ихэвчлэн 8-12 хүнтэй хотын зөвлөл, хотын захирагчаас бүрдсэн удирдлагын багтай их л цомхон бүтэцтэй үйл ажиллагаагаа явуулдаг бололтой юм.

За тэгээд эцэст нь бидэнд сэтгэл дутаад байх шиг байна даа. Улс төржилт, намжилт, бизнесийн эрх ашиг зэргийг аваад хаявал бид нэг ижил монгол хүн, дархан хотын иргэн гэсэн статустай л үлдэнэ. Энэ өнцгөөсөө харж, аливаад баригдалгүй зоригтой эхэлвэл бидэнд их сайхан ирээдүй харагдаж байна. Мөнгө бол бидэнд саад болох эхний л саад юм шиг санагдах юм. Үүнийг шийдэх маш олон арга байгаа. Бид орлого зарлагаа тооцож үзээд түүндээ тохирсон төсөл бэлдээд гарахад санхүүжилт олох бүрэн боломж бий. Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлж буй Smart Government зэрэг төслүүдэд хамрагдах, ийм төрлийн төслийг санаачлан хөрөнгө оруулагчдад санал болгох боломжтой.

Юуны түрүүнд одоогийн байгаа шат шатны удирдлагуудын ухаалаг эхлэл хамгаас чухал ч байж мэдэх юм.

Б.Цогт

Шинэ сэтгэгдэл нэмэх

Refresh Type the characters you see in this picture. Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.